ХСИС-ийн ЦС-ийн ГАТ

  • Бүртгүүлэх
  • Нэвтрэх

Тагнуулын сэдэв бол хүмүүсийн анхаарлыг хамгийн их татдаг зүйл. Гэхдээ өндөр албан тушаалын хүмүүсийг болон хаант засгийн угсаа залгамжлагчдыг урхиндаа оруулдаг романтик гоо бүсгүйчүүд бол зөвхөн кинонд л гардаг билээ. Тагнуулч хүний бодит амьдрал үнэндээ өөрийн багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжтэй үйлдвэрийг санагдуулдаг юм. Энд романтик зүйл бараг үгүй...

"Маш нууц” нэртэй томоохон үзэсгэлэн өдгөө Германы Франкфурт хотын Шуудан, харилцаа холбооны музейд тавигдсан байдаг. Тэнд тагнуулч, туршуулуудын эдэлж хэрэглэж байсан зүйлсийг дэлгэн үзүүлсэн билээ. Үзэсгэлэнг зохион байгуулагчид ер нь бол нууц шифр үгтэй захидлуудын талаар өгүүлэхийг хүссэн юм. Гэтэл хэрэг дээрээ XX зуунд хэрэглэгдэж байсан тагнуулчдын техник хэрэгслийн үзэсгэлэнг бүрдүүлж орхижээ. Түүнээс өмнө ч хүмүүс тагнуулын үйл ажиллагаанд аливаа хэрэгслүүдийг хэрэглэдэг байв.


Эртний Герег улсад аливаа мэдээллийг нууц үгээр орлуулж тусгай хэрэгсэл болох гэрэгэг ашигладаг байжээ. Түүнийг модны цаас юм уу холтост ороодог байв. Нууцлагдсан илгээлтийг бичсэнийхээ дараа цаас юм уу холтсыг гэрэгэ дээрээс тайлж аваад ердийн захидал мэтээр илгээдэг байсан юм. Хүлээн авагч тэрхүү мэдээллийг уншихын тулд ижил бүдүүвч бүхий гэрэгэг тойруулж хуйлаад унших боломжтой байжээ. Өнөөдөр нэлээн сайтар судлагдсан шифр үгнүүдийн анхных нь Цезарийнх юм. Эзэн хаан Цицеронд ийм нууц үг бүхий захидлууд илгээдэг байсан гэдэг. Тэдгээрийг одоо бол амархан тайлж унших боломжтой ч тэр үед тухайн захидлууд хэр хүний толгойг эргүүлэм байсан аж.


Захидал доторх үсэг бүрийг гурван байраар ухраасан байжээ. Жишээ нь, А үсгийг D-гээр, B үсгийг Е-гээр гэх мэтчилэн ухрааж ойлгох ёстой байв. Эрт дээр үед мөн амьд мэдээллийг өргөнөөр дамжуулдаг байсан юм. Шуудан зөөгчийн үсийг хусаад мулзан толгой дээр нь захидал бичээд, дараа нь үсийг нь ургангуут аян замд гаргадаг байжээ. Тухайн хүн зорьсон газраа хүрээд үсээ хуссанаар захидлыг уншдаг байсан гэнэ.

Мэргэжлийн байгууллагууд, үгээгүй ядуус болон хулгайч нар ч өөрсдийн гэсэн нууц үг, хэллэгтэй байсан билээ. Манай хойд хөрш Орос улсад л гэхэд 70 гаруй нууц яриа хэллэг байсан аж. Тэдгээрийн хамгийн нэрд гарсан нь явуулын худалдаачдын хоорондоо харилцдаг хэл болох офен хэл юм. Харин худалдаачдыг нь офениуд гэдэг байжээ. Хэрмэл худалдаачид заримдаа луйвар, залихай хийдэг байсан нь мэдээж. Ингэхдээ үе үе төр болон нутгийн ард иргэдтэй тэрсэлдэхэд хүрдэг байв. Иймээс арга буюу тэд өөрийн гэсэн хэлтэй болсон юм. Тэр хэл нь гадаад үгнүүдээр баяжигдсанаас гадна мэргэжлийн хэллэгүүдийг олноор агуулдаг байлаа. Ямар нэг асуудалд орооцолдож, байдал эвгүйтвэл тэд хоорондоо дээрх хэлээр мэдээлэл солилцдог байв. Ямар нэг ойлголтгүй хүмүүс офен хэлээр ярьж байгаа хүмүүсийн юу ярьж буйг ойлгохгүй байх нь тодорхой юм.


Орлов мужийн зарим нэг тосгодын тариачид өвөрмөц үйл хэрэгт суралцсан байжээ. Тэд морины эмээл, хазаар хийх ажилд гаршсан нь чамгүй орлого авчирдаг байлаа. Тиймээс ийм ажил хийж, улмаар эрх чөлөөтэй болсон тариачдын тоо олон байдаг аж. Ийм үйл хийдэг хүмүүс маш нууцлаг байдалд амьдардаг байсан бөгөөд уг эрдэмд суралцах гэж 5-6 жилийг зарцуулдаг байсан гэнэ. Тэдгээр урлаачид өөрсдийн гэсэн нууц хэлтэй байсан юм. Хоорондоо тэр хэлээрээ л харьцана.


Зөвлөлт засаг мандсанаар эдгээр хүмүүс үгүй болж, тэдний хэл яриа мартагдаж эхлэв. ХХ зууны 40-өөд онуудад энэ хэлийг судлах судалгааны багууд байгуулагдсан ч удалгүй тэр хэл устаж үгүй болжээ. Эрдэмтдийн хэлж байгаагаар уг хэл Германы булаан эзлэгчдийн дарангуйллын үед нууц хэлийн хувиар дахин сэргэсэн байна. Германчуудын дэргэд хамтралын гишүүд тэр хэлээрээ ярьдаг байсан юм. Ингэхдээ тэд фашистын булаан эзлэгчдийг хараан зүхдэг байжээ. Ямар сонин хэлтэй ард түмэн вэ хэмээн германчууд гайхаж байсан гэдэг. Тэд уурласандаа нутгийн иргэдийг зодож нүддэг байсан ч тэр хэлний талаар юу ч олж мэдээгүй аж.


1780 онд Жорж Вашингтоны нууц албаны туршуулууд "Жейн аятайхан будаг” гэж нэрлэгдсэн үл харагдах бэхийг ашигладаг болжээ. Ийм бэхээр бичигдсэн илгээлт, захидлуудыг уншихын тулд тусгай төхөөрөмж хэрэг болдог байв. Мэдээллийг хайрцганд хийн нууж, бэлчээрийн талбай дээр булдаг байлаа. Туршуулууд ирж байгааг мэдэгдэхийн тулд хэцэн дээр хар өнгийн банзал тохдог байсан аж. Жорж Вашингтоны нууц албаны тэргүүн Бенжамин Толмейж түүнчлэн өөрийн туршуулуудыг ялгаж салгах үүднээс гурван орон тоотой нууц кодыг ашигладаг байсан юм.


М-209 гэдэг нэртэй хамгийн алдаршсан шифрлэгч машиныг зохион бүтээгч Борис Хагелин (1892-1983) Орос улсад мэндэлжээ. Түүний эцэг Орос улсад байрлаж байсан Нобелийн нэгэн үйлдвэрт ажилладаг байв. Дэлхийн хоёрдугаар дайны үеэр Борис Америкт маш их нэрд гарсан бүтээгдэхүүнээ 140 мянган хувийг борлуулж дөнгөсөн аж. Цагаан толгойн үсэгнүүдээс бүрдэх түүний төхөөрөмж шифрийн хэдэн сая хувилбарыг бүтээдэг байжээ. АНУ-аас Шведэд эргэж очоод Хагелин зарим нэг хүндрэлүүдтэй тулгарав. Цэргийн зориулалттай тоног төхөөрөмжийг юун түрүүнд улсад санал болгох үүрэг оногдуулсан Шведийн Засгийн газар урвагч иргэнээ хатуу шийтгэхээр төлөвлөж байсан юм. Тиймээс Хагелин Швейцарь улсад очиж орогнол олжээ. Түүний Цуга хотод үүсгэн байгуулсан Crypto AG пүүс өнөөг хүртэл амжилттай ажиллаж байгаа билээ.


М-209 машин "Энигма”-г төрүүлсэн юм. Энэ гайхалтай шифрлэгч машин Дэлхийн хоёрдугаар дайны гол гол нууцуудыг бий болгосон түүхтэй. "Энигма” машиныг Германы Батлан хамгаалах яам ашигладаг байлаа. Германчууд түүний найдвартай ажиллагаанд бат итгэлтэй байсан аж. Энэ машины хийсэн нууцлалыг тайлж уншихын тулд гурван тэрбум жил шаардагдана гэж үздэг байсан билээ. Үнэхээр л тийм байх байлаа. Гэтэл 1932 онд польшууд хилийн шалган дээрээ Варшав хотод байрладаг Германы Элчин сайдын яамны хэрэгцээнд зориулагдсан нэгэн ачааг саатуулжээ. Тэр өдөр баасан гараг байсан бөгөөд амралтын өдрүүдийн дотор Польшийн тагнуулчид "Энигма” машины ажиллах зарчмуудыг нарийн судалж, мэдэж авсан гэдэг. Германчууд хожим энэ машиныг илүү боловсронгуй болгосон ч гэлээ нууцлаг байдал нь алдагдсан билээ.


1939 онд англичууд Блечли-паркт Германы Батлан хамгаалах яамны радио мэдээнүүдийг тайлж унших тусгай хэлтсийг байгуулжээ. Тэр хэлтэст 10 мянган ажилтан ажиллаж байсан бөгөөд тэд өдөр бүр Германы цэргийн командлалаас өгөгдөж байсан зааварчилгаа, тушаал зэргийг сонсч тайлдаг байсан юм. Тэдгээр хүмүүсийн дотор шатарчин, хэлний мэргэжилтнүүд, нэртэй математикчид, үгийн сүлжээ таагчид олноор байв. Удалгүй тэдний ажлын хэрэгцээнд логикийн хүнд бодлогуудыг тайлж уншдаг машинууд ирснээр ажил нь хөнгөрсөн гэдэг. Тун удалгүй компьютерүүд бүтээгдэж, нууц кодуудыг тайлж уншихад дөхөм болжээ.


Роммелийн цэрэг Африк тивд ялагдал хүлээсний дараа германчууд нууц кодоо ойр ойрхон солих болсон аж. Өмнө нь тэд гурван сардаа нэг удаа шифр кодоо өөрчилдөг байсан бол одоо найман цаг тутамд солих болсон юм. Энэ нь ч тэдэнд тус болсонгүй. Дээрх хэлтсийн бүх ажилтан нууцыг чандлан хадгалсан бөгөөд Германы арми "Энигма” машиныг 1950-иад оныг дуустал хэрэглэсэн билээ. 1974 онд Фредрик Уинтерботемын бичсэн "Ультра ажиллагаа” нэртэй ном худалдаанд гарчээ. Тэр номонд англичуудын байгуулсан ялалтуудын тайлал нуугдаж байсан юм. Германчууд Ковентри руу дайрах гэж байсныг Черчилль урьдчилан мэдэж байсныг тэрхүү номонд дурдсан байдаг. Гэсэн хэдий ч тэрбээр энгийн номхон иргэдийг үл хайхран тэднийг нүүлгэн шилжүүлээгүй билээ. Үүгээрээ Черчилль англичууд дайсны нууц кодыг тайлж уншдаг болсон гэдгийг далдлахыг оролджээ.


Майн дахь Франкфурт хотын худалдаа арилжааны төв гудамж болох Цайле дээр ард иргэдийн утсан яриаг чагнаж сонсдог төв байрлаж байсныг олон жилийн хугацаанд хэн ч мэдээгүй юм. Тэр төв ихээхэн нэр алдартай Woolworth худалдааны төвийн дээд давхарт байрлаж байсан гэдэг. 1970-аад оны үед энэ ажлыг тус улсын тусгай албад бус харин хаа сайгүй нэвтэрч дөнгөсөн АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлаг буюу NSA зохион байгуулжээ. Энэ байгууллагын талаарх мэдээлэл маш хомс байдаг тул хүмүүс түүнээс ихэд болгоомжилдог билээ. Харин Германы Үндсэн хуулийг хамгаалах албаны ажилтнууд зэргэлдээ орших жийнсэн хувцас худалдаалдаг дэлгүүрийн дээд давхарт тун даруухан байрлаж байсан юм.


АНУ-ын Колумби мужийн Вашингтон хотод байрладаг тагнуулын техник хэрэгслийн өөр нэг музейд Дэлхийн хоёрдугаар дайны үед ашиглагдаж байсан тагнуулын техник хэрэгслийн цөөнгүй үзмэр тавигдсан байдаг. Тэдгээрийн дотор Латви улсад үйлдвэрлэгдэж, 1937-1944 онуудад өргөн хэрэглэгдэж байсан Minox Riga гэрэл зургийн аппарат байдаг билээ. Түүний хэмжээ 3х8 сантиметр юм.


Дайны дараа Герман улсад бугуйн цаганд суурилуулсан гэрэл зургийн аппарат үйлдвэрлэгджээ. Тэр үед буюу 1940-1945 онуудад Их Британийн тусгай ажиллагааны хэлтэс нууц туршуулууддаа зориулж гуталны арын хэсэгт нуудаг хутгыг зохион бүтээсэн билээ. Мөн 1940-өөд оны сүүлд АНУ-ын Тагнуулын төв газар нулимс асгаруулагч хий цацдаг үзгийг бүтээжээ. Британичууд 1935-1945 онуудад өөрийн туршуулуудын хэрэгцээнд навчин тамхины хэлбэртэй гар буу тавьж өгсөн байдаг. Мөн хор агуулсан жижиг капсулуудыг бүтээх явдал өргөн дэлгэр байв. Олзноос зугтахад шаардлагатай багаж хэрэгслүүдийг багтаасан жижиг капсулууд ч бүтээгджээ. Тагнуулын төв газрын ажилтнууд 1960-аад оны үед тэдгээрийг хэрэглэдэг байсан юм. 1950-1960-аад онуудад тагнуулчдын техник хэрэгсэл улам нарийссан аж. Нууц гэрэл зургийн аппарат бүхий үсний сам бүтээгдэж, тамхины асаагуурт бэхлэсэн фотоаппарат гарчээ. БНАГУ-ын тагнуулын алба болох "Штази” Tessina нэртэй гэрэл зургийн аппаратыг янжуурны хайрцганд багтаав. Дуран авайг байрлуулсан жижигхэн нүхийг тамхины савны доод хэсэгт гаргаж өгчээ. ЗХУ-ын Улсыг аюулаас хамгаалах хорооны ажилтнууд "Точка” нэртэй аппаратаа зангиандаа нуудаг байв. Тэдний гуталны уланд радио мэдээ дамжуулагч төхөөрөмж суурилуулагджээ.


Тагнуулч хүүхнүүд жижигхэн гар цүнхэндээ 4.5 миллиметрийн калибртай нэг удаа хэрэглэгддэг гар бууг авч явдаг байв. 1965 онд үйлдвэрлэгдсэн тэр гар буу уруулын будагны саванд суурилуулагдсан байлаа. Тамхичид 0.22 миллиметрийн калибртай гар бууг хэрэглэдэг байсан юм. Тэр буугаар морийг биш юм аа гэхэд хүнийг найдвартай хөнөөх боломжтой байсан аж. 1958 онд АНУ-ын тусгай албаны ажилтнууд дотор нь яриа бичих боломжтой микрофон бүхий дуу хураагуурыг суулгаж өгсөн бугуйн цагтай болжээ. Мөн борооны шүхэрний үзүүрт хортой зүү шигтгэсэн билээ. 1978 онд тийм шүхрийн тусламжтайгаар Болгарын урван тэрслэгч Георгий Марковын амийг хороосон юм. Швейцарийн алдарт Victorinox хутга 1960-аад оны үед ид моодонд орж байлаа.


Дэлхийн ард түмэн болгон эрт дээр үеэс худал, үнэнийг ялгаж салгах өөрсдийн гэсэн аргуудтай байсан аж. Эртний Хятадад сэжигтэн этгээд амандаа дүүртэл цагаан будаа хийгээд буруутгалыг сонсох учиртай байсан юм. Илчлэгдэж баригдахаас айсан хүний шүлс ялгаруулалт зогсдог гэж үздэг байсан учраас хэрэв түүний аман дахь цагаан будаа хуурай үлдвэл түүний гэм буруу нотлогдсон гэж үздэг байжээ. Харин эртний Энэтхэгт сэжигтэн хүнд гэмт хэргийн нарийн ширийн зүйлтэй холбоотой таагүй үгнүүдийг сонсгодог байв. Мань хүн тэдгээр үгийг сонссоныхоо дараа өөрийн толгойд орж ирсэн анхны үгийг хэлээд хэнгэрэг дэлдэх учиртай байсан юм.


Италийн физиологич Анжело Моссо сорилд хамрагдаж буй хүний сэтгэл санааны байдлын өөрчлөлтөөс хамаарч цусны даралт, зүрхний цохилт нь өөрчлөгддөг болохыг тогтоожээ. Тиймээс 1890-ээд онуудад Италийн нэрт криминалистикийн шинжээч Чезаре Ломброзо сэжигтнүүдийн цусны даралтыг хэмжиж эхэлсэн байна. Тэр хойгуур цагдаа нар тэдний мэдүүлгийн үнэн, худлыг тусгай төхөөрөмжийн тусламжтайгаар хянадаг байсан гэдэг. Тэр цагаас хойш 20 гаруй жилийн дараа Италийн өөр нэг эрдэмтэн Витторио Бенусси худал, үнэн хоёрыг ялгахын тулд тухайн хүний амьсгалын хэмнэл тус болно гэсэн дүгнэлтэд хүрчээ. Ингээд тэрбээр өөрийн зохион бүтээсэн амьсгалын хэмнэл болон уртыг хэмждэг төхөөрөмжийнхөө туслалцаатайгаар гэмт хэрэгт сэжиглэгдсэн хүмүүсийн байцаалтыг явуулдаг байв.


Хамгийн анхны полиграфыг Америкийн иргэн Леонард Килер бодож олжээ. Цусны даралт, зүрхний цохилт, амьсгалын хэмнэл зэргээс гадна тэрбээр арьсны гадаргууны цахилгаан эсэргүүцлийг хэмжиж эхэлсэн аж. Шинэ бүтээлээ тэрбээр 1935 оны хоёрдугаар сарын 02-ны өдөр хоёр гэмт хэрэгтнийг шүүх ажиллагаан дээр туршжээ. Төхөөрөмжийн заалтууд ийнхүү анх удаагаа сэжигтнүүдийн буруутайг тогтоосон билээ. Тэр төхөөрөмж маш их амжилт олсон тул зохион бүтээгч нь цагдаагийн ажлаа орхин төхөөрөмжөө үйлдвэрлэж эхэлсэн байна. Тэр цагаас хойш полиграф нь хувийн секторт болон зэвсэгт хүчин, тусгай албадад өргөнөөр хэрэглэгдэх болжээ. Полиграфыг дэлхийн 70 орчим улс, орон өргөнөөр ашиглаж ирсэн аж.


Манай хойд хөршид анхны дөмөгхөн полиграф төхөөрөмж өнгөрсөн зууны 80-аад оны үед бий болсон түүхтэй. Учир нь, тэр цагаас өмнө шинжлэх ухааны энэ салбар хориотой байсан билээ. 1960-аад оны үед Краснодар хязгаарын сэтгэл мэдрэлийн эмнэлгийн ажилтан Валерий Варламов Зөвлөлтийн анхны полиграфыг зохион бүтээжээ. Тэр үед хүмүүс өвчтэй болж жүжиглэн хуурамчаар эмнэлгийн магадлагаа авах нь олширсон тул мань хүн өвчтөнүүдийн хэн нь худал ярьж, харин хэн нь үнэн хэлж байгааг ялгаж, салгах үүднээс уг төхөөрөмжийг бүтээсэн гэдэг. Гэвч түүнд энэ төхөөрөмжөө хэрэглэхийг нь хориглосон билээ.


Тэр үед Америкт полиграфыг тусгай албад төдийгүй хувь хүмүүс өргөнөөр ашиглаж байсан юм. Америкийн тусгай албад энэ төхөөрөмжийг элсүүлж авсан туршуулуудаа шалгаж, нягтлах үүднээс өргөнөөр ашиглах болжээ. Тиймээс Зөвлөлтийн тагнуулчид олноороо илчлэгдэх болсон аж. Ингээд арга буюу ЗХУ-ын УАХХ-ны дарга Юрий Андроповын тушаалаар энэ асуудлыг нарийвчлан судалж, өөрийн гэсэн полиграфыг зохион бүтээх тусгай лабораторийг байгуулсан юм. 1975 оны зургаадугаар сарын 25-ны өдөр энэхүү лаборатори ажиллаж эхэлжээ. Төдөлгүй тэнд анхны полиграф бүтээгдсэн байна. Мөн тэнд полиграфаас хамгаалагдах аргуудыг олж нээсэн бөгөөд үр дүнгээ маш ихээр өгсөн гэнэ. Тэдгээр аргуудыг тусгай албад өнөөг хүртэл хэрэглэж байгаа билээ. 1976 оноос полиграф төхөөрөмжийг зохион бүтээх ажлыг зөвхөн УАХХ-ны ажилтнуудад л зөвшөөрчээ. 1993 онд л тусгай албадын бүтээсэн төхөөрөмжүүд ОХУ-ын Дотоод хэргийн яамны ажилтнуудад хэрэглэгдэх болсон юм.


Өнөөгийн полиграф бол тусгай программ бүхий нөүтбүүкээс бүрдэнэ. Түүнд тав, зургаан мэдрэгчийг залгах бөгөөд нөгөө үзүүрийг нь сорилд хамрагдаж буй хүнд бэхэлдэг байна. Тавигдаж буй асуултад сорилд хамрагдагч хариулах болгонд мэдрэгч утаснууд тухайн хүний цусны даралт, амьсгалын хэмнэл, хэл яриа, арьсны гадаргуу, тулах эрхтний тогтолцоо зэрэг олон үзүүлэлтүүдийг бүртгэж авдаг юм. Аливаа хүн бие махбодынхоо тодорхой хариу үйлдлийг зуун хувь хянах чадваргүй байдаг билээ. Тийм учраас тухайн хүн аль нэг асуултад сандарч хариулбал өөрчлөлтүүд үүнийг нь бүртгэж авдаг аж. Мэргэжлийн полиграфчин үүнээс ургуулан тэр сэдвээр нарийн мэдээлэл олж авахын тулд нэмэлт асуултуудыг тавьж эхэлнэ. Ер нь бол тусгай бэлтгэлд хамрагдаагүй хүн энэ төхөөрөмжийг хуурч дөнгөх боломжгүй гэдгийг мэргэжилтнүүд өгүүлдэг. "Полиграф төхөөрөмжийг хуурч чадах хүмүүс бол мэргэжлийн тагнуулчид. Харин бид жирийн хүмүүсийг сорилд хамруулдаг. Дээр нь бид полиграфыг хуурах гэсэн оролдлогуудыг олж илрүүлдэг учраас сорилыг үнэн зөв хийдэг билээ” гэж Оросын полиграф сургалтын үндэсний сургуулийн захирал, УАХХ-ны бэлтгэл хурандаа Валерий Коровин хэлжээ. Бусад мэргэжилтнүүд ч түүнтэй санал нэг байна. Тухайн хүн сорилд хамрагдахдаа долоон хариу үйлдлээ шалгуулдаг аж. Ямар ч хүн хүсээд хүсээд тэдгээрийн 2-3-ыг нь л хянах чадвартай байдаг гэнэ.


Гэхдээ л тагнуулын төхөөрөмжүүдээс хамгийн сонирхолтой нь бичил биетэй чагнах төхөөрөмжүүд байдаг билээ. 1945 оны хоёрдугаар сарын 09-нд Зөвлөлтийн пионер сурагчдын Артек зусланд амарч байсан тэргүүний хүүхдүүд зуслангийн нээлтэд оролцохоор хүрэлцэн ирсэн АНУ-ын Элчин сайд Аверелл Харриманд ховор, үнэтэй моднуудаар хийсэн Америкийн цагаан толгойт шувууны хэлбэртэй сүлдийг бэлэглэжээ. Сэтгэл нь хөдөлсөн Элчин сайд үүний хариуд тэдэнд 10 мянган долларын чек бэлэглэсэн бөгөөд нөхөр Сталины орчуулагч Валентин Бережковын зөвлөснөөр тэрхүү сүлдийг өөрийн албан өрөөний хананд өлгөсөн гэдэг. Пионер сурагчдын өгсөн бэлэг тэнд найман жил өлгөөтэй байв. Тэр хугацаанд дөрвөн ч Элчин сайд солигдсон бөгөөд тэр болгонд өрөөний тавилга, зохион байгуулалтыг өөрчилж байсан ч уг сүлдийг оролдож байсангүй.


1953 оны эхээр америкчууд тэрхүү сүлдэнд чагнах төхөөрөмж суурилуулсан болохыг олж мэджээ. Тэрхүү төхөөрөмж ямар нэгэн тэжээлээр ажилладаггүй байсан бөгөөд богино долгионы дохио өгөгдмөгц ажиллагаанд ордог байв. Үүсгэгч болон богино долгион хүлээн авагч нь Америкийн Элчин сайдын яамны өөдөөс харсан байшингуудын дээд давхарт суурилагдсан байжээ.


Чагнах төхөөрөмжийг суурилуулах ажиллагаа "Златоуст” гэдэг нэртэй байсан бөгөөд түүнийг Иосиф Сталин, Лаврентий Берия нар биечлэн шалгаж байсан юм. Элчин сайдын албан өрөөг чагнах ажиллагаа "Наминчлал” гэдэг нэртэй байв. Энэ ажиллагааг Зөвлөлтийн нэгэн урвагч туршуул тасалдуулсан гэж үздэг боловч өөр нэг таамаглалаар бол микрофоныг санаандгүй илрүүлсэн гэдэг. 1960 оныг хүртэл АНУ Элчин сайдын албан өрөөнөөс чагнах төхөөрөмж илэрсэн гэдгийг нууцалж байжээ. Харин ЗХУ-ын агаарын хилийг зөрчсөн U-2 тагнуулын нисэх онгоцыг сөнөөсний дараагаар АНУ-ын засаг захиргаа энэ түүхийг дэлгэсэн бөгөөд тэрхүү чагнах төхөөрөмж бүхий сүлдийг НҮБ-ын Ерөнхий ассамблейн ээлжит бус чуулган дээр олонд дэлгэсэн юм. Өдгөө тэрхүү цахим төхөөрөмж бүхий сүлд Лэнгли дахь Тагнуулын төв газрын музейд хадгалагдаж байгаа билээ.


1960-аад онд чагнах үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн хүмүүс олноор бий болжээ. Тухайн үед тэднийг өнөөдөр хамгийн чадварлаг хакеруудыг яаж хүндэлдэг вэ яг тэрэн шиг хүлээн авдаг байсан юм. Америкийн иргэн Бернард Спиндель гэхэд л өөрийн анхны бичил сонсох төхөөрөмжийг 12 настайдаа зохион бүтээсэн нэгэн билээ. Жаал хүү тэрхүү төхөөрөмжөө нүүрстэй сагсанд нуугаад том хүмүүс юун тухай ярьж байгааг чагнаж суудаг байв. Том болоод Спиндель үйлдвэрчний эвлэлийн авлигад автсан дарга Жимми Хоффын төлөө ажиллаж эхэлжээ. Энэ хүн байнга л хэн нэгнийг тагнаж байдаг ажилтай байсан юм. Мэдээж, Спиндель гайгүй мөнгө төлөх чадвартай хэнбугайн ч төлөө ажиллахад бэлэн байлаа. Томоохон корпорациуд, мафийн бүлэглэлүүд, холбооны засаг захиргаа гээд олон газар түүний авьяас чадвар хэрэг болсон гэдэг. Тэрбээр энэ бизнесээ бараг чөлөөтэй эрхэлж байсан аж. Учир нь, Засгийн газрын бүтцүүдэд түүний авьяас чадвар нэн хэрэгтэй байсан юм. Түүнтэй дүйхүйц хэмжээнд бэлтгэгдсэн өөр нэг мэргэжилтэн бол Хол Липсет байв. Энэ хүн гаднаас нь харахад ердийн эд зүйл мэт тийм чагнах төхөөрөмжүүдийг бүтээж гаршжээ. Түүний бүтээсэн хамгийн шилдэг дамжуулах төхөөрөмж бол бокал дотор зоолттой байсан соруул аж. Соруул нь өөрөө хүлээн авагч антенны үүргийг давхар гүйцэтгэж байлаа. Үүнээс өмнөхөн буюу 1940-өөд оны сүүлээр Зөвлөлтийн авьяаслаг зохион бүтээгч Лев Термен СВЧ туяаг ашиглан чагнах төхөөрөмж бүтээсэн билээ. Гэхдээ л ганцаар нэгэн хүмүүс байдлыг гартаа оруулж чадаагүй байна. Харин байгууллагууд энэ салбарыг захирч байжээ. 1971 оны аравдугаар сард Америкийн тусгай албад "Ivy Bells” нэртэй ажиллагааг эхлүүлсэн юм. Тэд далайн ёроолоор явж байсан ЗХУ-ын цэргийн харилцаа холбооны стратегийн ач холбогдолтой шугаман кабелиудад чагнах төхөөрөмж холбосон билээ.


Огноо: 2024-04-25 | Нийтэлсэн: Admin | Уншсан 596 | 0 Сэтгэгдэлтэй

Нийт сэтгэгдэл: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Таны нэр *: Таны имэйл хаяг:
Хамгаалалтын код *:


Гүйцэтгэх Ажлын Тэнхим © 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан | Hosted by uCoz